HAPPY MAN

2011-05-01

Хөгжмийн зэмсэг урлаач

Хотын төвөөр алхаж явахад “Эгшиглэн” хөгжмийн зэмсгийн дэлгүүр гэсэн хаяг нүднээ тусдаг. Монголд ийм үйлчилгээ, энэ чиглэлийн дэлгүүр төдийлөн байдаггүй болохоор сонирхолтой санагдаж, орж явчихлаа. Хуучир, шанз, бүрээ, морин хуур, хийл, хуучны бүрээ бишгүүр, шашны зан үйлд хэрэглэдэг зэмсгүүд гээд хөгжмийн олон төрөл тус дэлгүүрт байна. Дэлгүүр дотроо хөгжим засварын жижиг өрөөтэй аж. Дэлгүүрийн хана, лангуунд өлгөж, өрсөн хөгжмүүдээс илүүтэйгээр сонирхлыг маань татсан зүйл бол тэр өрөө байв. Тэнд хөгжим засварлан суугаа дөч гаруй насны ах надад “Түвшинтөр гэдэг хүнтэй уулз. Тэр хүн мэргэжлийн хөгжим урлаач, хийл хийдэг” гэлээ.

Хийл урлаачийн маань урлан Дэнжийн мянгад байдаг аж. Түвшинтөр Монголын ард түмний хайртай жүжигчин Дамчаа гуайн зургаан хүүхдийн дээрээсээ дөрөв дэх нь юм. Тэр сайн хөгжим урлаач болж, хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн төлөө Итали, ХБНГУ гээд хоёр ч орныг дамжин 10 гаруй жил амьдарч, сурахдаа сав угаагчаас эхлээд тогооч, барилгачин гээд хийгээгүй ажил үгүй гэнэ. Тэрээр соц нийгмийн сүүл үе буюу 1989 оноос Соёлын яамны харьяа үндэсний хөгжим, хувцас хэрэглэлийн үйлдвэрт Хичээнгүй гэдэг хүний шавь болж дагалдангаар орж байжээ.

Ингээд хөгжмийн зэмсгийн урлаач Д.Түвшинтөртэй ярилцлаа.

аав намайг “Гарын таван хуруу” кинонд тоглуулах гэж Ятгаад бараагүй юм

- Энэ содон мэргэжлийг сонгоход хэн нэгэн нөлөөлсөн үү?

- 18-хан настай байхад маань энэ мэргэжлийг сонгох хүсэл анх төрсөн. Тухайн үед Индрээ гэдэг хүн үндэсний даруулт хөгжмийг өрнийн хөгжмийн зэмсгийн хийц маягтай баяжуулж, даралтат болгон өөрчиллөө гээд л зурагтаар гарч байсан юм. Тэр хүн энэ бүтээлээрээ төрийн шагнал хүртэж байсан л даа. Энэ явдал л намайг хөгжмийн урлал руу чиглүүлэх гол түлхэц болсон гэж боддог. Би багадаа тэр үеийн хүүхдүүдийн л нэгэн адил орцонд банзан гитар тоглож, дуу дуулж өссөн. Гэхдээ урлагт сэтгэлтэй болоход гэр бүлийнхний нөлөө их байсан. Ээж маань л гэхэд уран сайханч хүн. Сайхан дуулна, бүжиглэнэ.

- Аав тань Монголын ард түмний хайртай жүжигчин. Танайх их өнөр өтгөн гэр бүл байх аа. Аав тань та нарт юу гэж зааж сургадаг байсан бэ?

- Би багадаа их сахилгагүй байсан. Байсгээд аавын лекцэд орно шүү дээ. Лекц гал тогоонд дөрвөөс таван цаг үргэлжилнэ дээ. Аав хүн гэдэг ийм байх ёстой. Чи тэр хүнийг хар, үүнийг ажигла гээд л үлгэр дуурайл болохоор олон хүнийг жишээ болгож ярьдаг байлаа. Тэр үгнүүд нь одоо болтол мартагддаггүй. Үг хэлүүлсний дараа лав л нэг долоо хоног сайн хүү явна аа. Гэхдээ л хүүхэд болсон хойно дахиад л болохгүй юм хийнэ, сахилгагүйтнэ. Би аавдаа зодуулж байснаа санадаггүй юм. Ер нь биднийг их загнаж зандраад байдаг хүн биш. Юмыг их учирлаж ойлгуулахыг хичээдэг л хүн дээ. Багад аав намайг “Гарын таван хуруу” кинонд тоглуулах гэж ятгаад бараагүй юм.

Нэг хийл урлахад дунджаар сарын хугацаа зарцуулдаг

- Та хаана мэргэжил эзэмшсэн бэ?

- Италийн Cremona гэдэг хот бол дэлхийд, хөгжмийн зэмсэг урлаачдаараа алдаршсан газар. Нэг ёсондоо хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлийн хот гэж хэлж болно. Тэнд “Antonio stradiүari”-ийн нэрэмжит хөгжмийн зэмсгийн сургууль гэж байдаг. Тэр сургуульд 2000 оноос хойш гурван жил суралцсан. Тус хотод жилдээ хоёроос гурван удаагийн эргэлттэй жуулчид ирнэ. Тэдний ихэнх нь хөгжмийн зэмсэг худалдан авах гэсэн хүмүүс, хөгжмийн урлал, сургуулийг үзэж харах гэсэн жуулчид байдаг. Хот маань цөөхөн хүн амтай, хүн амын аж амьдрал ч хөгжмийн урлалдаа тулгуурладаг. Би суралцахын хажуугаар Эдгар Русс гэдэг хүний урланд дадлагажигчаар ажилладаг байлаа.

- Та хэдэн төрлийн хөгжим хийдэг вэ?

- Хийх биш, урлах гэх юм уу даа. Учир нь хөгжим бол тэр чигтээ урлагийн бүтээл. Ер нь гараар урласан буюу мастер хөгжим үйлдвэрийн хөгжмөөс тэс өөр, хамаагүй үнэтэй бүтдэг. Үйлдвэрийн хөгжим, мастер хөгжмийн дуугаралт хүртэл ялгаатай байдаг. Би голдуу хийл, морин хуур, хаан хуур зэрэг нумт хөгжмүүд урладаг.

- Үйлдвэрийн хөгжим, гараар хийсэн хөгжим хоёр тийм их ялгаатай байдаг хэрэг үү?

- Үйлдвэрийн хөгжим бол автомат дамжлагаар хийгддэг. Хүний гар, сэтгэхүй, ур оролцохгүй. Гараар хийсэн хөгжмийг мастер хөгжим гэдэг. Маш үнэтэй бүтнэ л дээ. Гэхдээ үнэтэй бүтнэ гэж байгаагийн учир урлаачаас их ур чадвар, цаг хугацаа шаарддагийг хэлж байгаа хэрэг. Нэг хийл урлахад дунджаар сарын хугацаа зарцуулдаг. Ер нь хүмүүс асуудаг л даа. Зах дээр танайхтай адил хөгжмийн дундаж үнэ 50 мянга байна. Гэтэл танайх яагаад ийм үнэтэй байна аа гэж. Мэргэжлийн бус хүнд зах дээр зарж буй хөгжим, мэргэжлийн хүний гараар бүтээгдсэн хөгжмийн ялгаа сайн мэдэгдэхгүй л дээ.

Тийм хөгжмийг бол гарын нэлээд ур дүйтэй хүн дуурайлгаад хийчихнэ. Гэхдээ хөгжим бүтээхэд урлахуйн авьяасаас гадна инженерийн сэтгэхүй, гоо сайхан, хөгжим сонсголын өндөр мэдрэмж гэх мэт цогц чадвар шаарддаг. Хүнд чухал мэргэжил гэж хүмүүс бараг ойлгодоггүй. Заримдаа “Та нар чинь тэгвэл нарийн мужаан юм биш шүү” гэх ч хүн байдаг. Аргагүй л дээ, Монголд хөгжим урлалын салбар төдийлөн сайн хөгжөөгүй, нийтэд ойр биш байдаг биз.

Итали, Герман, Америк ер нь барууны сонгодог урлаг хөгжсөн орнуудад энэ салбар урлагийн нэг том чиглэл болтлоо хөгжсөн байгаа. Хөгжим урлаач бүр бүтээлдээ өөрийн дардас тэмдгийг хэрэглэдэг. Түүнийг нь дагаад хөгжмийн экспертүүд ажилладаг. Ер нь мастер хөгжим цаг үе улирах тусам улам үнэд ордог. Тийм болохоор мэргэжлийн хөгжимчид тоглолт, бүтээлдээ үйлдвэрийн хөгжим бараг хэрэглэдэггүй. Тэд хамгийн чадварлаг мастер урлаачдын хөгжмөөр тоглохыг эрмэлздэг, түүгээрээ ч бие биенээсээ ялгардаг. Харин үйлдвэрийн хөгжмөөр анхлан сурагчид болон сонирхогчид л тоглодог юм.

- Манай хөгжимчид бүгдээрээ мастер хөгжимтэй байж чадах уу?

- Манайд ингэж ярих хэцүү байна л даа. Урлангаас маань гарч буй нэг хийлийн дундаж үнэ хоёр сая төгрөг байдаг. Тийм болохоор манай хөгжимчид тэр болгон авч чаддаггүй байх. Гэхдээ аль болох л мастер хөгжимтэй байхыг хичээдэг. Хүүхдийнхээ хөгжмийн боловсролд анхаардаг зарим эцэг, эхчүүд манайхаас хөгжим худалдаж авдаг л юм. Мөн хөгжмийн чиглэлээр суралцахаар гадагшаа явж буй залуус худалдан авдаг.

Хөгжим урлаачдын конкурс бол манай мэргэжлийнхний Олимп л гэсэн үг

- Аль нэг сургууль төгсөхөд мэргэжлийн диплом зэрэг дэв олгодог. Хөгжмийн зэмсэг урлаачдын хамгийн дээд зэрэг дэв юу вэ?

- Манай сургуулийг гурван жилээр сурч байж “Luthier” гэдэг цол авдаг. Энэ нь италиар хөгжмийн зэмсэг урлаач гэсэн үг. Харин таван жил сурсан хүнийг “ Maestro de lutier” гэдэг. Энэ нь хөгжмийн зэмсэг урлалын мастер боллоо гэсэн үг. Ер нь мастер гэдэг үгийг ойлгохдоо хүн эзэмшсэн мэргэжилдээ дээд зэргээр мэргэшсэнийг хэлдэг гэж боддог. Би Италид дөрвөн жил сурсан. Хоёрдугаар ангиа алгассан юм. Мастер цолтой. Германд байхдаа гурван ч мастер хөгжимчнийг дагалдаж, цалин мөнгөгүй ажилладаг байлаа. Тэгж байж л би мэргэжлийнхээ гол дадлыг олж авсан.

- Та мөн Германд энэ чиглэлээрээ сурч байсан юм уу?

- Би 1996 онд анх Германы Dzүirko хотын хөгжмийн зэмсэг урлаачдын сургуульд сурах хүсэлтэй очиж байлаа. Гэвч тухайн сургуульд элсэхийн тулд энэ чиглэлээр сурч байсан гэсэн мэргэжлийн үнэмлэх хэрэгтэй гэдэг шалтгаанаар элсэж чадаагүй. Би тэнд 2000 он хүртэл амьдарсан.

- Мастеруудын дунд шалгуур, ур чадварын тэмцээн гэж болдог уу?

- Бололгүй яахав. Тэр чинь л жинхэнэ мэргэжилтнүүдийн чадвар, чансаа сорьсон том шалгалт болно доо. Орост Чайковскийн нэрэмжит хөгжмийн зэмсэг урлаачдын конкурс гэж болдог. Мөн Италийн Kernal гэж том конкурс бас байдаг. Түүнд түрүүлсэн хүн олимпоор бол аварга боллоо л гэсэн үг. Тэмцээнд түрүүлсэн хүн маш нэр алдартай болдог. Түүнээ дагалдаад бүтээл туурвил нь маш өндөр үнээр зарагдаж эхэлнэ. Тийм болохоор уран бүтээлчид энэ тэмцээнүүдэд маш их ач холбогдол өгдөг. Дээрх шалгалтууд гурав, дөрвөн жил тутамд зохиогддог. Конкурс болох үеэр хот тэр чигтээ, сонгодог хөгжим, хөгжмийн урлагаар амьсгалдаг. Тэнд ирсэн уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хөгжим урлаачид хоорондоо танилцаж, туршлага мэдлэгээ хуваалцах зэрэг манай мэргэжлийнхэнд маш үр өгөөжтэй том арга хэмжээ болдог.

- Та энэ тэмцээнд оролцож байсан уу?

- Би оролцож байгаагүй. Ер нь цаашид оролцох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ ойрын хоёр гурван жилийн хугацаанд оролцохгүй байх. Одоохондоо сэтгэл зүйн бэлтгэл болоод мэргэжлийн туршлага бага байна. Оролцох түвшинд хүртэл дадлагажихад Монголын хөгжим урлалын өнөөгийн байдал үнэхээр дутмаг. Хэрэв оролцохоор болбол ядаж дөрвөн долоо хоногийн турш маш туршлагатай сайн мастерын хажууд дадлага хийж байж л орох болно доо.

Хөгжмийнхөө өнгө аяст тохируулж модоо сонгодог

- Хөгжимчдийн хувьд хөгжмийн зэмсэг бүхнээс илүү үнэтэй зүйл байдаг. Урлаач хүмүүсийн хувьд ч материал, багаж хэрэгсэл маш чухал байх. Та ер багажаа хаанаас худалдан авдаг вэ?

- Тэгэлгүй яахав. Чадварлаг, мастер урлаачид маш сайн багажтай байдаг. Би Италид оюутан байхдаа бага сага багажтай болсон. Одоо түүгээрээ л урлаж байна. Энэ ухамын цуглуулгыг л гэхэд 320 еврогоор авч байсан.

- Яасан үнэтэй юм бэ?

- Тийм ээ, багаж маш үнэтэй. Энэ япон ган. Япон улс гангаараа маш алдартай л даа. Багаж маань ерөнхийдөө элэгдэж, муудаж байна даа. Манайд ийм багаж хийдэг уран бүтээлчид ховор, гаднаас л авдаг. Сонгодог хөгжмийн материал бэлдцийг Югослав, Итали зэрэг зарим оронд үйлдвэрлэдэг. Тэндээс нь шууд худалдаж авна гэхээр дэндүү үнэтэй. Бараагаа авах хамгийн ойр газар Бээжин, Шанхай. Нэг хийлийн бэлдцийг гэхэд л 100-200 орчим доллараар авах жишээтэй.

- Хөгжмөө ямар модоор урладаг вэ. Бүх хөгжмийг ижил модоор урлах уу?

- Морин хуурыг гацуур, хус, нарс зэрэг модоор хийвэл илүү зохимжтой байдаг. Морин хуур бол өөрөө маш зөөлөн уянгалаг дуугаралттай хөгжим шүү дээ. Тийм болохоор хийл хийдэг агч модоор урлавал маш хатуу чанга дуутай болдог. Энэ нь морин хуурын үндсэн өнгө аяст, хөгжмийнх нь характерт тохирдоггүй юм. Тэгэхдээ хөгжмийг бүхэлд нь нэг модоор урлана гэж байхгүй шүү дээ. Хийл хөгжим гэхэд энгэр арыг нь гацуураар, хажуу ирмэгийг агч модоор бүтээнэ. Харин хийлийн элэг буюу утас байрладаг хар модыг халуун оронд ургадаг ум хар гэдэг ховор модоор урладаг. Урьд нь морин хуур зэрэг монгол хөгжмийн зэмсгийн модыг өөрсдөө бэлддэг байсан. Одоо голдуу экспортын модоор үйлдвэрлэдэг болсон. Хөгжим хийхэд тохирох мод сонгоход хэцүү байдаг.

- Та төгсөж ирээд гурван жил ажиллах хугацаандаа шавь бэлдэв үү. Ер энэ чиглэлээр Монголдоо хийе, бүтээе гэж бодож санасан зүйл их байдаг биз дээ?

- Тэгэлгүй яахав. Дэлхийн соёл, урлагийн өргөн цар хүрээнд багтаж, бие даасан чиглэл болтлоо хөгжсөн салбар бол хөгжмийн урлал юм. Харамсалтай нь манай оронд энэ салбар орхигдчихоод байна. Миний хүсэл мөрөөдөл бол Монголд хөгжмийн урлалын салбарыг улам хөгжүүлэх, түүнд өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэж боддог. Ингэж л эх орон, эцэг эхийнхээ ачийг хариулна даа. Энэ сэтгэлийн үүднээс өнгөрсөн онд санаа нийлсэн нөхдийн хамт Монголын хөгжмийн зэмсэг урлаачдын холбоо байгуулсан. Холбоо маань хөгжим урлаачдын чадавхийг дээшлүүлэх, энэ чилэлд авьяас чадвартай хүүхэд залуусыг нээх, сургаж авах, хөгжим урлаачдын бүтээлийг зуучлах, сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Шавь нарын хувьд яг “А”-гаас зааж эхэлсэн хүн байхгүй. Манайд ажилладаг залуус бүгд урьд нь морин хуур хийдэг байсан, суурьтай хүмүүс. Миний зүгээс сонгодог хөгжим, хөгжмийн зэмсгийг бүтээл талаас нь түлхүү анхаарч, зааж хэлэх зүйл байдаг.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-06-20 -

Бичсэн: Зочин
Сайн байна уу? Миний 9 настай охин хийл хөгжим сонирхдог юм. Би охиндоо хийл хөгжим авч өгхийг маш их хүсч байна. Яаж холбоо барих вэ? Надад туслаач. Миний охины хаяг Uynga614@yahoo.com
. Шууд холбоос

2012-02-14 -

Бичсэн: Энхжаргал (зочин)
Сайн байна уу?
Би хөгжимд маш их дуртай. Тэгээд хийл хөгжим сурхийг маш их хүсэж байгаа юм тэгээд сайн хийл хөгжимтэй болох гэсэн юм аа. Та надад энэ хүнтэй холбоо тогтоох утасыг өгөөч. Сайн хөгжмийг хаанаас авч болох вэ? Миний хаяг enkhee_viva@yahoo.com энэ хаягаар та надад холбоо барих утасыг та өгч тус болно уу? Таны энэ бичсэн нийтлэлээс энэ хүнтэй холбоо барьж бүтээлээс нь авах хүсэл төрүүлж байна таныг хүндэтгэсэн Б.Энхжаргал
. Шууд холбоос

Миний тухай

ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Луврын музей

Free Calendar

Найзууд

. PEACE
. Myagmar
. History
Бичлэг: 13 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax